1/10/2011

Д.Нацагдорж. Миний нутаг (төгсгөл)




Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай
Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон.

1933 он.

Дашдоржийн Нацагдорж (Шилдэг бүтээлүүд) 2004 он.

1/08/2011

Д. Нацагдорж. Миний нутаг (үргэлжлэл)


Хангай говийн хооронд Халхын уудам нутаг

Хар бага наснаас хөдлөн гулд  давхисан газар

Гөрөөс араатан авласан урт урт шилнүүд

Хүлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон


Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой

Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй

Сайн эрс цугларсан байц бэрх газартай

Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон


Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй

Нааш цааш сүлжсэн тэнэгэр сайхан нуруутай

Дөвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай

Таван зүйлийн тарианы хөрс шороо газартай

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон


Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар

Үр ач хүүхдийн үржиж өссөн орон

Таван хошуу малууд дүүрэн бэлчсэн нутаг

Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон


 


 

Өвлийн тэсгэм цагт цасан мөсөн бүрхээд

Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон

Зуны найртай улиралд цэцэг навч дэлгэрээд

Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон


Алтай, Хянганы завсарт атар баялаг орон

Аав ижийн минь оршсон ашдын заясан нутаг

Алтан нарны туяанд энхжин тогтсон орон

Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон


Хүннү Сүннүгийн үеэс  хогшид өвгөдийн минь нутаг

Хүн ард бидний хайрыг булаасан орон

Он онд идээшиж олон жилд дассан нутаг

Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон


Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг

Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө

Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж

Хойчийн шинэ ертөнц  дээр  хөдэт гавьяаг байгуулая

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

1/06/2011

Д.Нацагдорж. Миний нутаг

Миний нутаг. Д.Нацагдорж


Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд

Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

Мэнэн Шарга Номины өөргөн их говиуд

Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон


Хэрлэн,Онон,Туулын тунгалаг ариун мөрнүүд

Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд

Хөвсгөл,Увс,Буйрын гүн цэнхэр нуурууд

Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон

 

Орхон,Сэлэнгэ,Хөхийн онц сайн голууд

Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд

Хуучин хөшөө дурсгал,хот балгадын сууринууд

Хол газраа одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон


Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд

Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд

Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд

Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон